~Шорвог ҮНСЭЛТ~
Хөгшин улиасны навчис гунигтайхан тасарч, алган дээр ганц нэгээрээ бууна. Жиндүүхэн намрын үйдэш ийнхүү тасарсан навчис, хүлээж догдолсон сэтгэлээр дүүрэн байх шиг. Анхаа хүрэмнийхээ захыг босгож, бугуйн цагаа харвал цагийн зүү аль хэдийн түүний ирэх болсныг заалаа. Хажуугаар зөрөх хүмүүс тэрний нууцыг мэдсэн ч юм шиг цаанаа л нэг доогтой мишээн өнгөрнө. Ягааран туяарах жаргах нар, хотын бүрэг саарал утаатай холилдож ер бусын үдэш их хотыг бүрхэн авлаа.
Бүсгүйн тухай Анхаа дотроо бодоход түүний инээмсэглэх энхрий төрх нь хүйтэн оройн жаварыг үргээх шиг. Анхаа түүнийг хараагүй жил гаран болжээ. Юунаас яагаад бие биенээсээ хөндийрсөн болохоо тэр одоог хүртэл бодоод бодоод олдоггүй. Тэр үеийг санахаар Гүнжээгийн нүд дүүрэн мэлтэлзсэн нулимс л санаанд нь ордог. Бас битгий яваач гэх түүний сүүлчийн үгийг…Тэр үед даанч урдаа байгаа бурханыг харахгүй тйим л сохор байж дээ. Ивээл хайр сэтгэлд минь биш эрх мэдэл, ид хавд минь шунасан өөдгүй нэгэний атгаг санаанд ороогдож, нэг насны үнэнч хайр гэх тэр эрдэнээ гомдоосон. Тэгсэн ч тэнэг миний алдар нэр хоромхон зуурын зэрэглээ шиг замхран одход тэр минь л наддаа ирсэн.
Гэхдээ хоёр дахь боломж гэж байдаг бол энэ орой л байх болно. Би тэрнийгээ дахиад хэзээ ч орхиж чадахгүйгээ одоо л түүндээ хэлнэ. Ингэж бодох бүр хүлээлт гэдэг хайрын хамгийн том шийтгэл юм даа гэж Анхаа бодно. Алдсан бүхнээ эргүүлж авах боломж байхгүй ч тэр бүхнээс илүү Гүнжээгээ олсондоо баярлана. Ийнхүү ирэх зүгийг нь тосон ганцаар зогсохдоо дээрээс хаялж байсан өнөөх модны навчис одоо цас болон түүний мөрөн дээр буухыг сая л харлаа. Жаргалтай бодлууд ар араасаа хөврөн орж ирж цаг орой болсоныг ч анзаарсангүй. Гэнэтхэн утас нь дуугарч түүний эдгээр бодлыг нь хоромхон зуур хийсгэчих шиг л боллоо. Юу болсоныг Анхаа ойлгож ч амжсангүй. “Та яаралтай гэмтэлийн эмнэлэг дээр ирэх хэрэгтэй байна. Энд нэг эмэгтэй авто ослоор хүргэгдэн ирлээ. Утсан дээр нь таны дугаар байна. Та Анхбаяр гэж хүн мөн үү?”…утас тасарлаа.
Битгий битгий яваарай. Би Би Би би…
Тэр харанхуй гудамжаар ухаангүй юм шиг л гүйнэ.
Анхаа эмнэлэг дээр яаран орж ирвэл, сар туссан бүүдгэр өрөөний орон дээр хөхөрч цонхийсон царайтай тэр угтлаа. Дөхөж очоод уруул дээр нь зөөлөн үнсэхэд хацрыг нь дагаж нулимс уруулд нь хүрч хүсэл бас хясалын гашуун үнэтэй уусч тийм гэхийн аргагүй шорвог үнсэлсийг Анхаа мэдэрлээ. Түүний уруул хүйтэн бас хүйтэн…Хоёр дахь удагаа гэж хэзээ ч үгүй. Яг одоо л эсвэл хэзээ ч биш.
Б.Хонгорсайхан