aduun sureg

Сургамжит өгүүллэг : Адуун сүрэг

~Сургамжит өгүүллэг : Адуун сүрэг~

Оюунтөгсийнх гадаадад олон жил амьдарсан. Энэ жил Монголдоо ирээд Оюунтөгсийн хувьд хөдөө анх удаагаа ирж байгаа нь энэ л дээ. Түүнд бүх зүйл сонихон санагдана. Гүү сааж байгаа зэлний дэргэд хэсэг харж зогсоод гэртээ гүйн орж иржээ. Ээж нь “За, миний охин, хөдөө сайхан байна уу? юу сонирхож яваад ирэв дээ?” гэж асуухад: – Аа, сайхан юм байна. Хөдөөний морьнууд чинь бүгдээрээ саарал туфльтэй байдаг юм байна гэж хэлээд гэр дүүрэн инээд болгожээ.

Тэр өдрөөс эхлэн Оюунтөгс айлын хүү Дугараатай орсон ч, гарсан ч хамт явж сонин хачин зүйл олныг мэдэж авч байв. Дугараа аавыгаа дагаж адуучин болох хүсэлтэй гэнэ. Адуунд маш их хайртайгаа ярина.
Нэгэн удаа Дугараа аавтайгаа шуурганд уруудсан адуугаа олж ирэхээр явжээ. Тэд нэлээд явж адуугаа олсон боловч, шуурга улам ширүүсч ойрын юмс харагдахаа байж эхэлжээ. Адуугаа хураахаар гууглан хашгирч хоёр талаас нь бөөгнүүлэхийг чармайсан боловч адуунууд нь тарж бутраад хураагдахгүй байлаа. Харин тэгтэл гар чийдэнгийн гэрэлд өлөн чонын хурц нүд, араа шүд нь ярзайн харагджээ. Өлөн чоно нэг нэг адууны дэргэдээс даган хоргоож бөөрнөөс нь хазаж, гэдэс дотрыг нь хүү татахаар зэхэж байжээ. Дугараа ч сүнсээ гартал айж, арайхийн аавынхаа дэргэд очжээ.

Адуун сүрэгт нь чонон сүрэг дайрч эхэлсэн байлаа. Аавынх нь хашгиран гууглах дуутай зэрэгцэн сүргийн манлай азарга нь сүрлэгээр янцгааж, энэ дуунаар адуун сүрэг нь яг л цэргийн жагсаал шиг жигдрэн бөөгнөрөөд иржээ. Адуун сүрэг унага, даага, гүү, эцэнхий туранхайгаа голдоо оруулаад эрэмгий шаламгай, эрч хүч сайтай агт морьд нь азарга адууны хамт гадуур нь хүрээлэн жагслаа. Аав нь буугүй явсан учраас унаж явсан хээр мориноосоо төмөр дөрөөгөө мултлан аваад харшуулан дуугаргаж, чангаар хашгиран, Болдоог гар чийдэнгийн гэрлээр чононуудыг үргээхийг тушаав. Чоно буун дуу, төмөр харших дуу, хурц гэрэл, адуучны уурга дөрвөөс их айдаг гэнэ.

Хүрээлэн жагссан агт морьд нь дэл сүүлээ сагсалзуулан, хамар амаа сарталзуулан янцгааж хойд хоёр хөл дээрээ цоройгоод дайрч ирэх чонын тархийг хага өшигчин, тархи, ууц нуруу, хөлөө хугалуулсан чононууд гаслантайгаар ульж, тэрийн ойчиход үлдсэн хэсэг чоно ум хумгүй зугтжээ. Ингэж сүргийн манлай азарга адуу, агт морьдын эрэлхэг зориг, эв нэгдлийн хүчээр ижил олон сүргээ хамгаалж байгааг харсан Дугараагийн урам зориг нь орж аав шигээ сайн адуучин болохыг хүсдэг болсон гэнэ.
Гэвч Дугарааг аав нь хорин таван нас хүрч байж адуу маллахыг нь зөвшөөрнө гэсэн гэнээ. Манай өвөг дээдэс хүүхдийг багаас нь арчилгаа маллагаа ихтэй хонь зэрэг бага хөлийн мал маллуулж ажилсаг, аажуу тайван болгож төлөвшүүлснийхээ дараа эр бяр шаардсан, эмнэг догшин адуу маллах арга ухаанд сургадаг нь их учиртай юм байна л даа.

Хэт цочмог ааш зантай хүнийг өвөө эмээ нар хөөрхий хонь маллах насандаа адуу малласан юм болов уу гэдэг гэнээ. Хотын хүүхдүүд бид нар чинь зодоон нүдээнтэй, алаан хядаантай, адал явдалтай кино үзсээр байгаад цочмог зантай болоод ч байгаа юм уу даа.
Ардынхаа билэг ухаан шингэсэн зан заншлыг мэдэж, өвөө эмээгээс үг сургаал сонсоод л, хөдөө байх үнэхээр таалагдсан шүү.

“Чонон сүлд” романаас сэдэвлэн бичив

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих