dotood setgeliin hair

Царайны сайхан гундахын цагт, сэтгэлийн сайхан гэрэлтэнэ…

~Царайны сайхан гундахын цагт, сэтгэлийн сайхан гэрэлтэнэ…~

Хүмүүс бид бүх л амьдралынхаа туршид “сайхан хайр”-ын тухай боддог, бас эрж хайдаг. Балчирхан бага насандаа үлгэрт гардаг “үзэсгэлэнт гүнж, гайхамшигт ханхүү”-д дурлаж хожмын хайрлах хүнээ тэр маягаар л төсөөлнө.

Хүний гаднах төрх, гаргаж буй араншин болгон дотоод сэтгэлийн сайхан муухайг мэдрүүлдэггүй болохоор бишгүйдээ л төөрөлдөцгөөдөг шүү дээ. Сэтгэл дахь мэдрэмжээрээ бас зөн совингоороо дурлачихаад амьдралын урсгал дунд “сайхан хайр”-ыг амталж мэдэрч жаргаж яваа залуус зөндөө.

Өнгө мөнгөнд нь шунан “дурлаж” өдөр хоногийг бусдын ивээл дор өнгөрөөж сэтгэлээ зэврээх мөчдөө “хаана байнаа тэр сайхан хайр чинь” хэмээн харуусах залуус ч зөндөө л бий. Сэтгэлийн мэдрэмжээрээ бус сонирхол шохоорхлоор “дурлаж” амьдралын элдэв нугачаанд бүдэрч бүдчин бие биенийхээ сэтгэлийг гомдоон итгэлийг нь хугалж, сэтгэлийг нь шархлуулж явахдаа “сайхан хайр гэдэг чинь амьдралд бус номонд л байдаг юм” хэмээх нэгэн ч байж л байгаа.

Хүмүүс “сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол битгий алдаарай” гэж хэлсэн Ч.Лодойдамба гуайн ишлэлийг дурдахдаа нэгэн цагт гэнэт хүрээд ирж магад сайхан хайрыг сэтгэлдээ хүлээн догдлон суух нь бий. Хүмүүс бид аугаа мэт боловч яг үнэндээ сэтгэлийн л амьтад. Бид бусад хүмүүст болон амьдралд яаж хандана вэ? яг тийм хариуг олж авдаг. Хэрэв чи дурласан хүнээ чин сэтгэлээсээ хайрлаж чадвал тэр чамайг яг л тэгж хайрлах л болно. Чи дурласан хүнээ хоёргүй сэтгэлээр халамжилж чадвал тэр чамайг тэр хэмжээгээр халамжлах л болно.

Чи хайртай хүндээ ямагт сайхан харагдаж чадвал тэр бас чамд сайхан харагдахыг хичээх болно. Чи хайртай хүнээ ямагт магтан урамшуулж чадвал тэр ч бас чамайг магтах л болно. Чи хайртай хүнээ байнга энхрийлэн эрхлүүлж чадвал тэр бас чамайг энхрийлэн эрхлүүлэх л болно. Мэдээж эхэндээ бүх зүйл сайхан болдоггүй хэдий ч ийм болоход тэвчээр хэрэг болно.

Хүнд дурлаж, хайрлах ямар сайхан гээч. Энэ амьдралд жинхэн дурлал , сайхан хайр хүмүүсийн сэтгэлийг хөглөж, огтоос танихын аргагүйгээр өөрчилдөг. Энэ бол сэтгэлийн ид шид, амьдралын гайхамшиг. Өглөө болгон хайртай хүнийхээ тэврээс жаргалтай гэгч сэрж, өдөр болгон түүнийгээ санаж, үдэш болгон хамтдаа эрхлэн суухаас илүү сайхан нь хаана бий гэж.

Хүмүүний амьдралын гэрэл гэгээ баяр бахдал нь сайхан хайр байдаг. Гэхдээ энэ сайхан хайрыг чи өөрөө л олж авдаг. Сайхан хайртай учрахын тулд мөрөөдөж суух биш, өөрөө л сайхан хүн болохыг хичээгээрэй. “Царайны сайхан” нэгэн цагт гундаж орхиход сэтгэлийн сайхан бүх л цаг хугацаанд гэрэлтэж байдаг юм даа. “Сайхан хайр” хаана байдаг юм бэ? гэж үү. Сайхан хайр яг чиний дэргэд байгаа. Бас чи өөрөө л сайхан хайр юм шүү дээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих