ayga

Монголчууд “АЯГА”-ыг буян хишгийн сав хэмээдэг

     Аяга бол хоол унд савлан хүртээх хонхорхой төдий биш юм. Ялангуяа нүүдэлчин соёлтой Монголчууд АЯГА хэмээх зүйлийг эрхэмлэн дээдэлж ирсэн. Амьд явбал алтан аяганаас ус ууна, аяганы амсар зуух хувьтай гэхчлэн аягыг шууд амьд явахуй, амьдрахтай холбон, буян хишгийг бэлгэдсэн агуулгаар хэрэглэгдэг. Тиймээс аягыг дээшээ харсан сав хэмээн бэлэгшээж ирсэн уламжлалтай.

Аягаа эмтэлж хагалах, бохир байлгах, хайхрахгүй байх зэрэг нь буян хишигт мөн тийнхүү нөлөөлнө.  Аяганд шавхруу үлдээж бүү тавь, цагаан идээ ууж идсэн бол хичээнгүйлэн долоо. Аяга хөмөрч тавихаас зайлсхий. Дээгүүр нь алхан гарч болохгүй. Аль тааралдсан газраа хурааж үл болно. Ямагт нэг газар хураах нь буян хишиг хурахад тустай гэхчлэн эмгэд хөгшид сургамжилдаг.

Зочны өмнө сэтэрхий, цуурхай болон хоосон аяга байлгах нь муу ёр. Цай хоолоо заавал аягалж өгнө. Аягалахдаа цайн эргүүлгийг нар зөв тойруулж хийнэ. Өгөхдөө өрөөсөн гараар дөхүүлж үл болно. Буян хишиг хагсарна. Солгой гараар сарвайж бүр болохгүй. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ , аяганы алгаас адууны алаг зэрэг аягатай холбоотой бэлгэдэлд санаа, зүйр үг олон бий.

Монгол аяга, сав суулга нь бэлгэ дэмбэрлийг шингээсэн төрөл бүрийн хээ угалз, дүрслэл, янз маягтай, дархчуудын ур ухааныг илтгэсэн уран нарийн сийлбэртэй урлагийн бүтээл байдаг байв. Мөнгө, алт, зэс, ган, сайн чанарын мод зэргээс бүтсэн эд нь он удаан жилийг элээн эдлэгдэж, үеэс үе дамжин үлдэж, түүх соёлын дурсгал болон үлддэг юмсанж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих