wuhan

Австрали улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 127 боллоо

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 12-ны байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ын 127 тохиолдол (Шинэ Өмнөд Уэльс-64, Күинсланд-17, Викториа-18, Өмнөд Австрали-8, Баруун Австрали-7, Тасмани-2, Австралийн нийслэлийн бүс нутаг-1, “Diamond Princes” хөлөг онгоц-10) бүртгэгдээд байна. Үүнээс 3 хүн нас барж, 24 хүн бүрэн эдгэрсэн бөгөөд бусад өвчтөний биеийн байдал хэвийн байна.

Тус улсын хэмжээнд шинэ төрлийн “COVID-19” коронавирусний сэжигтэй тохиолдол өдөр тутам нэмэгдэн бүртгэгдэж байгаа тул иргэд та бүхнийг олон нийт цугларсан газраас аль болох хол байж, суугаа муж, хотын эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сайтар сахиж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.

Халуурах, ханиалгах болон COVID-19-ийн бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд суугаа хотын эмнэлэгтээ утсаар мэдэгдэх, Австралийн Эрүүл мэндийн яамны албан ёсны health.gov.au цахим хуудаснаас мэдээлэл авах, COVID-19-ийн шуурхай албаны 1800 020 080 утсаар зөвлөгөө авна уу.

Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд та юу хийх хэрэгтэй вэ?

– Өөрийгөө гэртээ тусгаарлаж, гэр бүлийнхээ болон бусад хүмүүст халдвар тараахаас урьдчилан сэргийлэх;

– Өрхийн эмч (GP)-тэйгээ утсаар холбогдож, өвчнийхөө шинж тэмдгийн талаар мэдээлэл өгөх, зөвлөгөө авах;

– Өрхийн эмч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд таныг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний хариу ерөнхийдөө 24-48 цагт гардаг ч зарим тохиолдолд үүнээс удаж гардаг.

– Таны биеийн байдал хүнд, эмнэлгийн тусламж авах шаардлагатай тохиолдолд таны өрхийн эмч тухайн хотын эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хандана. Өрхийн эмч олдохгүй тохиолдолд хамгийн ойр эмнэлгийн түргэн тусламжийн тасагт шууд хандана. Очихдоо амны хаалт, гар ариутгагч зэргийг хэрэглэхийг зөвлөж байна.

Австралийн нийслэлийн бүс нутаг (ACT)-т буй иргэдийн тухайд COVID-19-ийн шинж тэмдэг илэрвэл Канберра хотын Weston Creek walk-in center (24 Parkinson Street, Weston)-т очиж үзүүлэх боломжтой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих