Талх бидний хоол хүнсэнд онцгой байрыг эзэлдэг. Ялангуяа өглөөний унданд. Эрүүл хүний хувьд өдөр тутмын хооллолтыг талхгүйгээр төсөөлөх аргагүй. Хүнсний бүтээгдэхүүн дотроос хамгийн онцгой шинж чанарыг талх л агуулдаг.
Энэ юу гэвэл өдөр тутам идсэн ч талхнаас бид хэзээ ч уйдаж залхдаггүй. Талх нь ургамлын гаралтай уургийг агуулснаараа хамгийн үнэ цэнэтэй хүнс болдог.
Уургаас гадна метионин, лизин гэсэн аминхүчлүүдийг агуулна. Цагаан талх бус харин хөх тарианы хар талх сонгож идээрэй. Улаан буудайн талханд хөх тариагаар хийсэн талхыг бодвол уураг илүү их хэмжээгээр агуулагддаг. Талханд нүүрс 40-50 хувьтай байдаг төдийгүй В-гийн төрлийн аминдэмийн эх ундарга болж, кали, кальци, магни, натри, фосфор, төмөр зэрэг эрдэс бодисыг агуулдаг. талх бол маш өндөр калори бүхий хүнс.
Дээд гурилаар хийсэн зуун грамм талх 233 ккал байдаг бол хөх тарианых 190 ккал байх жишээтэй. Бага калори бүхий хөх тарианы талх эрүүл мэндэд илүү тустай байдаг. Гэхдээ ходоодны шарх, ходоодны архаг үрэвсэл, арван хоёр нугалаа гэдэсний өвчлөл, ходоодны хүчил ихэссэн үед хар талх идэх нь тохиромжгүй. энэ тохиолдолд цагаан талх, хатаасан талх идэх нь илүү тохиромжтой. Эмчилгээний зориулалттай талхыг дээд зэргийн гурилыг хивэгтэй холин хийдэг.
Ингэснээр аминдэм ихээр агуулах боломжтой болдог тул судасны хатуурал, өтгөн хатах, даралт ихдэх үед илүү тохиромжтой байдаг. Давсгүй талх нь бөөрний өвчин, зүрх судасны зарим төрлийн өвчний үед хэрэглэхэд тустай. Ханасан тос агуулсан хоол, өөх ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал сайн.
Хэрэв та өглөөгүүр талх идэх дуртай бол өөхгүй махыг л сонгоорой. Тахиа, загасны мах бол бүр сайн. Туна загастай, нимгэн майонез түрхсэн бутерброд нь тосны хүчил омега-3-ийн хамгийн сайн эх үүсвэр болдог юм.