2019 оны 09 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Зүрхний төв, зүрх судасны эмч нарын нийгэмлэг хамтран “Зүрх судасны үндэсний конференци 2019” зохион байгууллаа.
17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа тус үндэсний конференци нь орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй зүрх судасны эмгэг, зүрхний мэс засал, дотрын мэргэжлийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, оношилгоо эмчилгээний шинэ тутам гарсан мэдээ мэдээллээр хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, сонирхолтой тохиолдлуудын шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх, олон улсын түвшинд шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, эмнэлзүйн удирдамж заавруудыг танилцуулах зорилгоор “Бүтцийн өөрчлөлт бүхий зүрх судасны эмгэг” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан болно.
Конференцийн эхний өдрийн хуралдааныг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нээж, хуралдааныг даргалан оролцсон ба Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 250 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Люксембургийн Их Гүнт улс, Франц, Испани, БНСУ, Тайвань, Гүрж улсуудын хамтын ажиллагаатай их дээд сургуулиудын эмнэлгийн зочин профессорууд урилгаар оролцлоо.
Конференцийн салбар хуралдаанаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, тус эмнэлгийн Зүрхний төвийн зүгээс 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай хэлэлцүүлэг уулзалт хийж, орон нутагт зүрх судасны оношилгоо, эмчилгээний хөгжил, ололт амжилтыг илүү сайжруулах боломж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар санал бодлоо солилцож, хойшид хамтын ажиллагаагаа илүү нягт уялдаа холбоотой болгож сайжруулах талаар санал нэгдлээ .
Конференцийн хоёр дахь өдөр Монгол улсын эрүүл мэндийн салбарт анхны Зүрх судасны мэс заслын тасаг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Зүрх судасны мэс заслын 50 жил: Өнгөрсөн, Одоо ба Ирээдүйн Сорилтууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.