Үр хүүхэдтэй болох нь аав ээжийн хайр энхрийлэл, чин сэтгэлийн угаас хүүхэдтэй болохыг хүссэн хүсэл, гэр бүлийн төлөвлөлт зэрэг дээр суурилах нь зүйтэй. Эхнэр, нөхөр бие биедээ хэр их хайр халамж, сайхан бүхнийг зориулан анхаарна төдий чинээ амьдралын утга учир болох ирээдүйн хүүхдийн тань хүмүүжлийн үндэс суурь нь болно.
Эхнэр нөхрүүд хүүхэдтэй болохоосоо өмнө бие биедээ анхаарал халамж тавих, өөрсдийн харилцаанд анхаарах, ааш зан, үг үйлдэл, сэтгэл хөдлөлөө хянах зэрэг чадваруудад суралцаарай. Учир нь жирэмсэн эмэгтэй болон аавын бодол, үг үйлдэл бүхэн урагт нөлөө үзүүлдэг. Жишээ нь: ээж сэтгэлээр хэр их унана, хүүхэд том болоод амархан шантардаг, зовомтгой болдог. Жирэмсэн гэж хойш суулгүй өөртөө тохируулан ажил амьдралаа амжуулж, идэвхитэй байвал хүүхэд төрөөд орчиндоо, нийгэмд маш хурдан дасан зохицож, нийтэч нээлттэй, өөртөө итгэлтэй нэгэн болдог.
~Ээж та хүүхдийнхээ, ДЭЛХИЙ ЕРТӨНЦ…~
Мэдээж гэр бүл зохиох болон үр хүүхэдтэй болох хамтын шийдвэрт хүрсэн аавын оролцоо, гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг хамгийн чухал. Нөхөр эхнэртэйгээ хэр элэгсэг дотно харилцаж, анхаарал тавина хөвгүүд аав шигээ, охид сайн нөхөртэй болох магадлалтай. Ээжид нь халамж анхаарал хандуулж, эерэг сайхан харилцаа үүсгэж, хүндэтгэн, баяр жаргалтай бөгөөд тайван байлгаснаараа ирээдүйд сайхан үр хүүхэд, сайн хүргэнтэй болно гэсэн энгийн логик юм.
Хүүхэд аливаа зүйлийг бүрэн утгаар нь танин мэдэхгүй, зөвхөн мэдрэмжүүдийг ойлгодог. 9 сар богино хугацаа боловч амьдрал тээж буй ээжид маш урт санагддаг. Ээж нь хордлого өгөх, бие нь эвгүйцэх, зовиурлах, уйлж гомдох, ганцаардах үед хүүхэд хэвлийдээ яг тэр мэдрэмжүүдийг мэдэрдэг тул жирэмсэн ээжийг сэтгэл санаагаар нь байнга өргөж, завгүй байлгаж, халамжилж хайрлаарай.
Ээж та хүүхдийнхээ дэлхий учраас нийгэмтэй харьцаж, өөрийгөө дайчилж, шинэ зүйлд суралцаж, сэтгэл санаагаа өргөж, зоригтой тэвчээртэй, жижиг зүйлээс аз жаргалыг мэдэрч, илүү чамбай байгаарай.