Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2019” наадмын шилдэг бүтээл энэ сарын 27-нд тодорно.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн, Монголын уянгын өгүүллэгийн нэрт мастер, зохиолч Дамбадаржаагийн Намсрайгийн нэрэмжит уг наадам нь Хүүхдийн урлан бүтээх төвд болох аж.
“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам 1990 онд анх зохиогдож, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байв.
~Яруу найргын “Утгын чимэг-2019” наадмын шилдэг бүтээл шалгарна~
Түүнээс хойш өнгөрсөн 29 жилийн хугацаанд тус наадам 22 удаа болжээ. Энэ наадамд түрүүлж, айрагдсан эздийн дунд Монгол Улсын Ардын уран зохиолч дөрөв, Төрийн шагналт зохиолч найм, Соёлын гавьяат зүтгэлтэн 14, Д.Нацагдоржийн шагналт зохиолч 12, бусад нь МЗЭ-ийн шагналт зохиолчид байгаа нь “Утгын чимэг”-ийн чансааг харуулж буй юм.
Харин өнгөрсөн жилийн наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт С.Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ хүртсэн билээ.
Тэрбээр 1999 онд “Чоно тарвагацах тоглоом” богино өгүүллэгээр оролцож, шилдэг есөд үлдэж байсан юм. Өнгөрсөн жилийн өгүүллэгийг нь Монгол Улсын ардын жүжигчин Г.Равдан уншиж үзэгчдэд хүргэж байсан билээ.