Та ч гэсэн хүүхдийнхээ ДУРТАЙ ТОГЛООМ

Хүүхэд мэдээ орж эхэлсэн цагаасаа хорвоо ертөнцтэй танилцдаг. Эхлээд нүдээрээ, дараа нь гараараа, амаараа гээд л хүртэхүйн бүх л мэдрэмжээрээ эргэн тойронтой бага багаар танилцаж эхэлдэг. Ялангуяа, мөлхөж сураад энэ тэрүүгээр юм ухаж түнхээд ирэх тэр үеэс нь эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ тоглоомуудаар нь харилцан тоглох хэрэгтэй байдаг. Хараахан хөлд, хэлд ороогүй ч гэсэн уураг тархи нь сэргэг, юмыг ойлгож хүлээн авахдаа хурдан байдаг учраас аль болох тоглох нь хүүхдийгээ эртнээс хөгжүүлж байгаа гэсэн үг. Тиймээс энд хүүхэдтэйгээ хэрхэн тоглох аргаас хүргэе!

 

Түүний хувьд та өөрөө тоглоом.

“Та бол хүүхдийнхээ нэг тоглоом нь шүү дээ” хэмээн гэр бүл судлаач Шейла Боуржес хэлжээ. Тэрээр цааш хэлэхдээ хүүхдийн тань хөгжилд таны бодож буй шиг тийм олон тоглоом огтхон ч хэрэггүй. Та хүүхэддээ дуу дуулж өгч, юм уншиж өгөх явцдаа хөгжилтэй царай гарган тоглоход хүүхэд маш их баярлаж, инээн хөхөрдөг. Энэ нь таны хүүхдийн өсөлт хөгжилд хамгийн ихээр эерэг нөлөө үзүүлдэг ажээ. Нэг үгээр хэлбэл, хамгийн энгийн мөртлөө хамгийн их нөлөө үзүүлдэг тоглоом бол таны царай төрх байх нь.

Дууны цаг.

Бяцхан үрсдээ зориулан дуу дуулж өгөх нь хүүхдэд хайрыг мэдрүүлдэг. Мөн хүүхэд дуунд зөвхөн уяраад зогсохгүй түүнээс олон мэдээллийг авч байдаг. Үгийн хэллэг, дууны хөг аялгуу гэх мэт. Хүүхэддээ байнга дуу дуулж өгдөг, мөн байнга хүүхэдтэйгээ ярьдаг эцэг, эхчүүдийн хүүхдүүд хэлд орох нь хурдан байдаг нь үүнтэй ч бас холбоотой. Дуулах явцдаа хөдөлгөөн хийх нь илүү үр дүнтэй бөгөөд үүнийгээ дуулах явцдаа байнга хийх нь хүүхэд тэрхүү хөдөлгөөнийг даган дуурайж, өөрөө хийхийг оролдож эхэлдэг байна.

Уншлагын цаг.

Хүүхдээ хэлд орж, биднийг ойлгож эхлэхээр нь ном авч өгнө хэмээн бодон суугаа юм биш биз? Хэрвээ тэгвэл хүүхдийн хөгжилд хэтэрхий оройтож буй хэрэг юм. Заавал уншиж ойлгодог ном гэлтгүй зурагтай, мөн тухайн зургийг илэрхийлсэн дуу авиануудтай номыг мэдээ орсон цагаас нь үзүүлж, танилцуулах хэрэгтэй. Хүүхэд зураг дүрс харж, дуу авиаг нь сонсохоос гадна номыг барьж үзэж, хуудас бүрийг эргүүлж тойруулан ном гэж юу байдаг гэдэгтэй танилцах болно. Хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлэх нь олон талын ач тустай гэдгийг надаар хэлүүлэлтгүй та мэдэх буй байх. Тиймээс оройтолгүй хүүхдийнхээ насанд таарсан номыг авч, танилцуулаарай.

Хайрцагт тоглоом.

Хоосон хайрцагны гадна талыг чимэглээд дотор нь олон төрлийн дүрс, жижиг тоглоомуудаар дүүргэнэ. Өнөөх хайрцагнаасаа ганц, хоёрыг нь гаргаад хүүхэддээ өгөөрэй. Хүүхэд тань үлдсэн тоглоомуудаа олох гэж эрэл хайгуул хийж эхэлнэ. Хайсны эцэст эрсэн зүйлсээ олоод маш их баярлах болно. Энэ нь хүүхдийг багаас нь эрж хайсан зүйлсээ олдог тууштай болгон хөгжүүлэх болно.

Хөдөлгөөнт тоглоом.

Хүүхдийнхээ тоглоомуудыг өрөөнийх нь эргэн тойронд хаа сайгүй тавь. Энэ нь хүүхдэд тань тун сонирхолтой санагдах бөгөөд нэг бүрчлэн тоглоомтой танилцахын тулд ийш тийшээ мөлхөх шаардлагатай болно. Энэ нь хүүхдийг тань хөдөлгөөнд оруулж, гар хөлийн булчинг чангаруулж, чанга биетэй болоход нь тусална.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих