АНУ-ын Мичиган мужийн нэгэн эмнэлэгт 56 жил хамтдаа амьдарсан 77 настай хос нэгэн шөнө амьсгал хураажээ. Тэднийг Жүди болон Уилл гэдэг. Олон жил ханилсан хоёр тусдаа тасагт хэвтэхийг хүсэхгүй байгааг эмнэлгийн удирдлага ойлгож нэг тасагт оруулж, орыг нь хүртэл нийлүүлж өгчээ.
Тэдний охин Мэри Бетийн өгүүлснээр бол аав ээж хоёр нь хоёр хоногоос илүү хугацаанд тусдаа байж үзээгүй аж. Хоорондоо уулзахгүй байхыг тэсч тэвчиж чаддаггүй тул тэд өдөр бүр хамтдаа байдаг байж.
Жүдигийн хагалгаа амжилтгүй болж, эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэхээр болоход Уиллын бие мөн өвдөж, эмнэлэгт хэвтжээ. Ингээд Уилл өдөр бүр ханийнхаа хэвтэж буй тасгаас салахаа больсон тул эмнэлгийнхэн нэг тасагт оруулсан байна. Нэг нь халуурахад нөгөө нь бас дагаж халуурах гэх мэтээр тэд нэг биетэй хоёр хүн шиг байж.
Жүди амьдралынхаа сүүлийн хэдэн хоногт бие нь дордож, хүмүүсийн үгэнд хариулах чадваргүй шахам байсан хэрнээ Уиллыг хажуунаас нь холдох төдийд “Хөөе, нөгөөх маань хаачив?” гэж байнга асууж байсан гэнэ. Сүүлийн хэдэн цагийг ч тэд хамтдаа өнгөрүүлж гар гараасаа барилцан нас барьсан байна.