Манай Улсын хүн амын 20 орчим хувь нь давс ихтэй хоол, хүнс хэрэглэж байна гэсэн судалгааны дүн байдаг. Үүнтэй холбогдуулан хүн амын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна гэх мэдээлэл аюул хаяанд ирсэнг илэрхийлнэ.
Цусны даралт ихсэх өвчин
Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихэсгэнэ. Цусны даралт ихсэлт ямар ч насны хүмүүст илэрч болно. Монгол улсын 15 – 64 насны 4 хүн тутмын 1 нь цусны даралт ихсэх өвчтэй байгааг судлаачид тогтоосон байдаг. Цусны даралт ихсэлттэй хүн зүрхний өвчин, тархины цус харвалтад өртөх магадлал хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад 3 дахин их байдаг юм.
Зүрх судасны өвчин, тархины цус харвалт нь Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Та давсны хэрэглээгээ багасгаснаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлж чадна.
Та хоногт хэрэглэх давсны хэмжээгээ 2.5 гр хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг 4 дахин бууруулж чадна.
~Зөв амьдралын хэвшилд нэгдэж “ДАВС”-ны хэрэглээг багасгая~
Насжилт
Нас ахих тусам давсны хэрэглээгээ бууруулах нь таны эрүүл мэндэд тустай. Учир нь нас ахих тутам зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барих нь ахмад настныг зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэх ач холбогдолтой.
Ахмад настан эмийн болон амьдралын “ЭРҮҮЛ” хэв маягийг төлөвшүүлэх, тухайлбал давсны хэрэглээгээ бууруулах замаар цусны даралтаа хэвийн түвинд барих бүрэн боломжтой.
Ахмад настай, давсны хэрэглээ өндөртэй хүмүүсийн дунд цусны даралт ихсэлт нилээд түгээмэл байдаг. Иймд ахмад настай хүмүүс давсны хэрэглээгээ бууруулах нь цусны даралт ихсэлтээс сэргийлэх, цусны даралтаа бууруулах, улмаар зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэхэд шийдвэрлэх үүрэгтэй.
Яс сийрэгжих өвчин
Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь ясны кальцийн алдагдал буюу яс сийрэгжин хэврэгшихэд хүргэнэ. Ясны сийрэлжилтийн улмаас яс хугарах, гэмтэж бэртэх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа ахмад настанд ясны сийрэгжилт илүү эрчимттэй явагддаг тул давсны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай.
Ходоодны хавдар ба бусад төрлийн хавдар
Давсны хэрэглээ өндөртэй улс орны хүн амын дунд ходоодны хорт хавдрын тохиолдол их байдаг болохыг тогтоосон байдаг. Монгол улсын хүн амын давсны хэрэглээ нилээд өндөр, зарим судалгааны дүнгээр 15 гр, бүс нутгаар харьцуулсан үзүүлэлтээр баруун бүс нутагт 17 гр орчим байгааг илрүүлсэн байдаг. Түүнчлэн хүн амын нас баралтын шалтгааны дотор хорт хавдар 2 дугаарт орж, элэг, ходоодны хорт хавдар зонхилон тохиолдож байна.
Эрүүл амьдралын хэв маягт суралцаж, хоол хүнснийхээ давсны хэрэглээг багасгахыг уриалж байна. ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ