Та уг киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэдгийг мэдэх үү?
Ворошиловын мэргэн бууч – 1999 онд Станислав Говорухины хийсэн кино бөгөөд Виктор Пронины “Лхагва гаригийн бүсгүй” хэмээх зохиолоор хийсэн бүтээл юм.
Виктор Пронин нь Дмитрия Данилова хэмээх бүсгүйд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэн энэ туужаа бичсэн ба тэрхүү бүсгүй армид алба хаахаар явсан хайртай залуу Даниловыгаа халагдахыг хүлээж байх үедээ хэдэн дээрэмчдэд хүчиндүүлж, дараа нь сэргийлэх энэ хэргийн тухай өргөдлийг нь хүлээн авахаас татгалзсаны дараа амиа хорлосон байжээ.
Энэ явдлын дараа Данилов өөрийн хийсэн буугаар бүсгүй руу халдсан бүх л дээрэмчдийг буудаж шархдуулж байснаас хэд хэдэн хүн нь амиа алдсан байна. Нэгэн удаагийн буудалтын дараа сэргийлэх Даниловыг баривчилж шүүх түүнд 15 жилийн ял оноожээ.
Зохиолч маань болсон явдлыг нилээд өөрчилсөн боловч үндсэн санааг тэр чигээр нь үлдээсэн гэдэг. Мөнгөөр бүхнийг аргалж болдог цаг үед хүн шударга ёсыг тогтоохын төлөө аргаа бардаг гэсэн санааг тусгахыг гол зорилгоо болгосон байна. Гол дүрд Михаил Ульяановыг ямар нэг пробгүйгээр шууд сонгосон боловч энэ дүрд тоглох хүсэлтэй байсан Геогий Жжёнов ихэд гомдсон гэдэг.
Ач охины дүрд тоглох хүнийг сонгох кастингийн төгсгөлд хоёр мэргэжлийн бус охин үлдсэн нь Юлия Началова, Анна Синякина нар байв. Найруулагч болон бусад багийнхан энэ хоёроос сонголт хийж чадаагүй учир Михаил Ульяановыг сонголт хийхийг хүсэхэд тэр Аннаг сонгожээ. Өвгөн жүжигчин маань зураг авалтын үеэр охиныг хайрлан хамгаалж ёстой л жинхэнэ өвөө шиг нь байсан гэдэг.
Бүсгүй зураг авалтын үед 18 нас хүрээгүй байсан учир нүцгэн хэсгийн зургийг авахад орлон тоглогч ашигласан байна. Харин үл бүтэх гурван нөхрийн дүрд Марат Башаров, Илья Древнев, Алексей Макаровыг авсан ба тэдний хувьд энэ нь кинонд том дүр бүтээх анхны оролдлого байжээ. Найруулагч лонх бут үсэрдэг хэсгийн зургийг авахдаа орлон тоглогч ашиглах гэсэн боловч Башаров татгалзан өөрөө тоглосон байна. Алексей Макаров дараа нь дурсахдаа энэ киноны дараа гудамжаар явахад ч хэцүү болж, хүн болгон муухай харж, өмнө нь нулимах болсон гэдэг.
Зураг авалтыг Калугын жирийн нэгэн байранд, ямар нэгэн декорацгүйгээр авсан байна. Кино бэлэн болсны дараа кино шүүмжлэгч, дарга нараас түмэн янзын шүүмжлэл гарч байснаас хамгийн ноцтой нь хүн дураараа шүүх эрх мэдэл авахыг уриалсан тухай яриа байв.
Найруулагч Говорухин энэ тухай “Ийм юм болно гэж бодоогүй байсан учраас би ёстой яахаа мэдэхээ байсан юм. Михаил Александрович Ульянов ч бас тийм байдалд орсон байх. “Би яах гэж кино урлагт эргэн ирэв дээ” ч гэж бодсон байх” хэмээн дурссан байдаг.
Кино дэлгэцэнд гарсны дараа бүх зүйл эсрэгээр эргэсэн билээ. Ялангуяа настай хөгшчүүл нь тэдний дунд иймэрхүү юмны хариуг нь өгөх чадалтай хүмүүс бий гэж урам зориг орцгоосон тухай яриа их гарч, иймэрхүү захиа ч Ульяновт ихээр ирсэн байдаг. Ингэж Ульянов энхийн цагийн бас нэгэн үндэсний баатар болжээ.
“Одоо Ворошиловын мэргэн бууч бол миний хайртай кино. Би бас нэг иймэрхүү кино хиймээр, хамгийн хэцүү хатуу зүйлийг хөндмөөр байна. Юу ч өөрчилж чадахгүй гэдэг нь ойлгомжтой ч гэсэн.
Миний хийсэн ганц ч кино ямар нэг нийгмийн, улс төрийн байдалд нөлөөлөх ач холбогдол өгч чадаагүй, Ворошиловын мэргэн бууч ч гэсэн ялгаагүй” хэмээн найруулагч агсан дурсан ярьсан байдаг.