ehiin-setgek

Нандин сэжим…

Хайрт ижий минь… Бүсгүй хүн хэвлийдээ энхрий үрээ тээсэн тэр л мөчөөс эхлэн сэтгэл амар хормыг ертөнцөөс буцах хаалгыг тогших хүртлээ үүрд алддаг юм гэнэ лээ.

“Хүүхэд нас минь л аз жаргалтай сайхан байж” хэмээх дурдатгал хүн бүрт бий. Харин тэр аз жаргал, баяр баясал, хайр энэрлээр дутаж гуцаагүй сайхан амьдрал ижийгийн тань сүүн цагаан сэтгэл, муу бүхнээс хамгаалах гэсэн зовинол дээр тулгуурлан бий болсон гэдгийг мэдэх үү. Өөдөөс мэлтийн инээх өөдөсхөн жаахан үрээ өөрийг нь сонгоод ирсэнд хэмжээлшгүй ихээр хайрлан жаргавч, энэ жаргал үүрд үргэлжлээсэй хэмээсэн бяцхан зовинол сэтгэлийг нь имэрдэж л байдаг юм.

~Нандин сэжим…~

Ангир уургаа хөхүүлэн суухдаа хахаж зангирах вий гэж, өлгийндөө унтах үрээ үнэгчлэх зүүдэндээ эмээх вий хэмээн үүр шөнийн заагаар өндийн өндийн чагнаархдаг юм. Үдэш үдшээр алдсан нойр эргэж ижийд нь хэзээ ч нөхөгдөггүй юм. Гэлээ гээд гангар гунгар дуугарах энхрий хөөрхөн үрийнхээ өхөөрдөм инээдэнд олон шөнийн нойр, мянган өдрийн зовнилоо арчин жаргадаг ижийг яалтай.
Өврөөс унасан үрээ өвдөж уйлан тэлчлэхэд өөд уруугүй сандарсан ижий “үрийн минь өмнөөс намайг” хэмээн хорвоогийн харгис дэнсэнд өөрийн амиа өргөнө.

Бурханд даатган залбирсандаа үрээ авралаа гэж бодох ч үнэндээ ижий өөрөө нойр хоолоо умартан зүтгэсэндээ өвчнийг ялсан байдаг юм. Харин үрийнхээ өмнөөс өөрийгөө зольсон хатан сэтгэл нь орчлонгийн хатуу хуулинд хадгалагдан үлдэж, өгөөтэй аваатай хорвоо эргээд ижийгийнх нь цог заль, сүнс сүлднээс нь хумсалж байдаг юм.

ehiin-setgel

Хатууг зөөллөж, хагарсныг эвлүүлж, дутууг гүйцээх гэж орчлонд эх хүнийг илгээдэг ч эргээд дэндүү олон сэтгэлийн шаналлыг нуруунд ачдаг нь юуны ёс юм.

Өдөр өдрөөр өсөх үрээ олны дунд ороод явахад алга дэлгэн хүлээх ад зэтгэрт хорлогдох вий хэмээн бодол залбирал бүр нь хором алдахгүй үрдээ л зориулагддаг. Үр хүүхэд нь сайн сайхан явахад өөрийнхөө сайнд л үр минь мундаг явна хэмээн ижий баярлаж, өөрийгөө чамлана. Өөд уруугүй муулчлагдаж, түмэнд нүд үзүүрлэгдэн явбал үр хүүхдээ хүмүүжүүлж чадсангүй хэмээн өөрийгөө буруутган, сэтгэлдээ тарчлана. Яалтай ч хорвоо юм. Хатууг зөөллөж, хагарсныг эвлүүлж, дутууг гүйцээх гэж орчлонд эх хүнийг илгээдэг ч эргээд дэндүү олон сэтгэлийн шаналлыг нуруунд ачдаг нь юуны ёс юм.

Өндийн хөхүүлж өсгөсөн үрийнх нь толгойд насны хяруу буусан ч өтөл үр нь ижийдээ үйлийн үргүй нялхаараа л санагдаж, идэх хоол, унтах нойронд нь санаа тавина. Дулаан яваа болов уу, гэдэс нь цатгалан болов уу, ажил үйлс нь бүтэмжтэй болов уу, өвдөж ядраагүй байгаа, олонтойгоо эвтэй байгаа болов уу хэмээн олон олон бодол, олон олон санаа зовинол зөвхөн үр хүүхдийнхээ төлөө тэмүүлнэ. Ижийн тань сэтгэл ганцхан танд бус таны ах, эгч, дүү гээд хүүхэд бүртээ хүрэлцэх гэж, таван тийш тараах гэж зүдэрнэ.

Яагаад ч юм би, ижийнхээ нуруунд наалдаж, ижийнхээ шим шүүсийг сорон сорсоор өсөж томордог аалз хэмээх арвагар нүгэлтнийг жигшин зэвүүцэн байсансан. Харин одоо өөдөөс харан суух, бууралтсан саарал үстэй, амьдралын түмэн нугачааг чин сэтгэлийн хайр энэрлээрээ туулсан түмэн үрчлээт нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярин суугаа ижийгээ хараад үр хүүхэд бид тэр аалзнаас дутах юун хэмээн бодно.

“Үрээ хөхүүлээд бүүвэйлэхэд, ангир сүү үнэртэх эмзэгхэн зулайг нь зөөлөн үнэрлэхэд, бумбагар зөөлөн хацарт нь хацраа наагаад тэврэхэд, жаахан сормуусаа хөдөлгөн унтаж байгааг нь харан суухад хайр аяндаа л бялхаад ирдэг юм” хэмээн ижий минь биднийхээ сайн сайхан бүхнийг л дурсан ярина. Сэтгэл гэдэг заримдаа урагдаж тасраад амархан элэрч баларчихдаг эд юм шиг санагддаг. Харин эх хүний сэтгэл ханатлаа сунаж, хажуу дэргэдээсээ салбарч урагдан, бүхэнд хүргэх гэж татаж чангаасаар үжирсэн даавуу мэт болсон ч үнэт чанар өнөд хэвээрээ л байх юм.

Амьтай болоод амьгүй бүхий л зүйлсийн үүсгэлийг ЭХ хэмээн нэрийднэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих