Эрт цагт нэгэн бүсгүй амьдарч байжээ. Тэр лусын дагинаас ч дутахгүй үзэсгэлэн гоо, бас эрүүл чийрэг, гал цогтой бүсгүй байжээ. Түүгээр ч зогсохгүй хамгийн гол нь тэрээр цэвэр ариухан сэтгэлтэй байв. Тэгээд ч тэр үү түүнд маш олон эрс дурлаж хайр сэтгэлээ илчилдэг байв. Харамсалтай нь тэр олон залуусаас нэг нь ч түүний зүрх сэтгэлийг эзэмдсэнгүй. Тэрээр түүнд дурласан олон зүрхийг шархлуулжээ.
Нэгэн өдөр Бүсгүй ойд зугаалж яваад бөглүү ойн гүнд ер бусын баргил сайхан хоолойгоор хэн нэгэн дуулахыг сонсов. Бүсгүй тэр уянгалаг сайхан дуунд татагдан дуу гарсан зүг үрүү өөрийн мэдэлгүй хөтлөгдөн алхлав. Түүний зүрх сэтгэлд ер бусын баяр хөөр бас далдхан гуниг ээлжлэн сүлэлдэнэ. Цээл сайхан хоолойтой залуу дуулсаар л байх аж. Бүсгүй түүний дуунд уярч өөрийн мэдэлгүй ийм сайхан дуу хоолойтой хүн ямар сайхан хүн байдаг бол гэж бодов. Тэрээр тэр сайхан дуу хоолойны эзэнтэй танилцахыг тэсэхүйеэ их хүсэн дуу гарсан зүг үрүү улам бүр тэмүүлнэ.
Удалгүй тэртээх ойн цоорхойд бяцхан модон байшин үзэгдэв. Уянгалаг сайхан дуу тэр байшингаас гарч байх аж. Бүсгүй байшинд дөхөж очоод хаалгыг нь зориглон татав. Хаалга түгжээгүй байлаа. Сайхан дуунд хэмжээлшгүй ихээр татагдсан бүсгүй өчүүхэн ч эргэлзэх юмгүйгээр байшинд орж явчив. Түүнийг байшинд ортол Дуучин гартаа юуг ч юм барин цааш харан суугаад дуулсаар байх аж. Тэрээр Бүсгүйг орж ирсэнийг үл анзааран үргэлжлүүлэн дуулсаар л байв. Ийм сайхан дууг тасалж зүрхлээгүй Бүсгүй амьсгаа даран түүний дуулахыг чагнан хэсэг зуур болов.
Гэнэт залуу дуулахаа больсон ч эргэж харсангүй чигтээ:
-Бүсгүй минь юунд зогсоов, Суугаач гэж цонхны хажууд тавьсан модон ширээ сандалд түүнийг урив.
Бүсгүй дуучин залууг араас нь ажиглавал өндөр чийрэг биетэй сайхан залуу аж. Залуу:
-Та манайхыг яаж олж ирээ вэ гэж асуунгаа сая л Бүсгүйн зүг эргэн харав. Залуу бүсгүйн өөдөөс харан зогссон ч түүн үрүү биш тэртээ дээгүүр ширтэх аж. Хосгүй хоолойтой гоолиг сайхан залуу сохор аж. Бурхан түүнд цээл сайхан хоолой заяасан ч харах мэлмий заяасангүй.
~Мөхөшгүй мөнхийн хайр…~
Олон сайхан эрсийн бүтэлгүй дурлалын гэрч болсон Бүсгүйн сэтгэлийг сохор Дуучин залуу тэр дороо л эзэмдэж орхив. Энэ өдрөөс хойш Бүсгүй өдөр бүр ойн гүн дэх бяцхан байшинд ирж сохор Дуучны дуулахыг сонсдог болов. Түүний уянгалаг сайхан хоолойд уярсан бүсгүй өдөр ирэх бүр сохор залууд улам бүр татагдана. Бүсгүй нэгэн өдөр зориг гарган байж сохор Дуучинд сэтгэлээ илчилжээ.
Харин залуу түүнд:
-Аглаг ойн гүнд дуугаар хань хийсэн золгүй надад ариухан сэтгэлт бүсгүй чиний зүрх сэтгэлийг багтаах зай зүрхэнд минь даанч алга даа гэж өчжээ.
Бүсгүй анх удаа дурлалаас болж шаналж дурлалаас болж зүрх сэтгэлээ шархлуулжээ. Зуун зуун зүрх түүнээс болж шархалсан байхад үнэнч дурлаж сэтгэлээ өгсөн цорын ганц залуу нь түүний хайрыг тоолгүй сэтгэлийг нь шархлуулжээ.
Улмаар сохор Дуучин Бүсгүйгээс дайжин оджээ. Гэвч түүнийг дурсан санасан Бүсгүй өдөр бүр ойн цоорхойд ирж уйлан хайлан суудаг байв. Энэ үеэр ч олон сайхан эрс Бүсгүйд хайр сэтгэлээ илчилж хамтран амьдрахыг санал болгосоор байжээ. Харин Бүсгүйн зүрхэнд сохор Дуучнаас өөр бусдыг багтаах өчүүхэн ч зай байсангүй. Бүсгүй олон хоног сар хайрт залуугаа эргэж ирэхийг нь харуулдан хүлээжээ. Сэтгэл зүрх нь шархалж зовсон Бүсгүй эдгэшгүй хүнд өвчинд нэрвэгдэв. Тэрээр хайрт залуугийнхаа байшинг орхин явбал түүнтэй дахин уулзах завшаан олдохгүй биз гэж эмээгээд эзэн нь орхин одсон оромжинд өвчинтэйгээ тэмцэлдэн өдөр хоногуудыг өнгөрүүлж байв.
Энэ үеэр сохор Дуучин аглаг хөвчийн гүнд хадан агуйд даяанчлан амьдарч байжээ. Үнэндээ бол сохор Дуучин Бүсгүйд түүнээс дутахгүй ихээр сэтгэл алдарсан билээ. Даанч өөрийнхөө сохор хувь заяанд эргэлзээд Бүсгүйн хайр сэтгэлийг хүлээж аваагүй юмсанж. Тэрээр дэмий л агуйнхаа үүдэнд өдөр бүр дуулан суудаг байв. Нэг өдөр ихэд муу зүүд зүүдлэв. Зүүдэндээ бүсгүйтэй уулзаж байх юм. Харин яг түүний гарыг атгах гэтэл хайртай бүсгүй нь хун болоод нисчихлээ гэж зүүдлэв. Олон хоног ууланд даяанчлан хэрхэхээ тунгаан бодсон сохор Дуучин энэ удаа хайрт бүсгүйтэйгээ уулзахыг тэсгэлгүй ихээр мөрөөдөв. Тэгээд энэхүү ёргүй муу зүүд зүүдэлсний маргааш өглөө гэртээ буцаж харихаар шийдэв. Олон хоног сар өнгөрсөн ч Дуучин Бүсгүйн намуун зөөлхөн хоолой, түүний даашинзны хормойн үл мэдэг сэрчигнэх чимээг мартаагүй билээ. Залуу өдрийн газрыг цагаар товчилсоор арай гэж гэртээ ирэв. Энэ үед хайрт бүсгүй нь түүнийг хүлээж цөхрөөд эцсийн амьсгалаа хураах гэж байв. Залуу өдий олон хоног сараар өөрийнх нь оромжинд түүнийг хүлээж байсан Бүсгүйг туйлаас их өрөвджээ. Бүсгүйн гараас атгах тэрхэн агшинд гайхамшиг тохиож нүд нь хорвоогийн нарыг хардаг болов. Харамсалтай нь хайрт нь дөнгөж түүний гарыг атгаад энэ хорвоогоос үүрд хагацан оджээ. Үнэнч сайхан хайрыг алдсан сохор Дуучин хараа орсон ч үлдсэн амьдралдаа хайрт бүсгүйнхээ хойноос гансарсаар аз жаргалыг амсаагүй гэдэг.