5cc6ab7695185

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд анги дэвшин суралцаж чадахгүй байна

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолбор бага сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох тусгай анги байдаг ба одоогоор 10-аад хүүхэд сурч байна. Эдгээр хүүхдүүд сүүлийн 4-5 жилийн турш сурч байгаа хэдий ч анги дэвшин суралцаж чадахгүй байгааг аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн дэд дарга П.Ганчимэг хэлж байлаа.

Тэрээр өөрийн тэргүүлэн ажиллаж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлийн дэргэд тусгай анги нээж таван хүүхдийг сурган, анги дэвшүүлэн сургахаар ажиллаж байна.

Мөн Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалын салбар комиссыг ажиллуулан, нийт 215 хүүхдийн хөгжлийн хоцрогдол бэрхшээлийг тогтоон нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, боловсролын үйлчилгээнд хамруулсан ажээ.

Аймаг, орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төвийг байгуулан, байрны асуудлыг шийдвэрлэж, жил бүр байрны халаалт, цахилгаан зэрэг тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс 25.0 сая төгрөгөөр санхүүжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас ирэх онуудад МСҮТ-үүд тусдаа анги нээхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сургах, ур чадвар олгох сургалтад хамруулахад хувьсах зардал олгох, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн хүүхдүүдтэй хамт суралцуулах, 2020 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг эрт оношлох төслийг хэрэгжүүлэх зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих