Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс найман хувиар нэмлээ.
Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов. 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм. 2019 оны III улирлын байдлаар сарын дундаж цалин 1166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байна.
Засгийн газар цалинг 2018, 2019 онд тус бүр найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмлээ.