Твиттер улс төрийн бүхий л зар сурталчилгааг хориглох шийдвэрийг гаргаад байгаа. Энэ талаар тус компанийн тэргүүн Жек Дорси албан ёсоор мэдээлэл өгчээ. Фэйсбүүк компанийн хувьд улс төрийн зар сурталчилгааг хориглохгүй гэсэн байр суурьтай байгаа юм.
Твиттер компанийн тэргүүн Жек Дорси интернэт зар сурталчилгаа маш хүчирхэг, нөлөө бүхий болоод байгаа өнөө цаг үед тус компанийн шийдвэр улс төрд томоохон эрсдэлийг бий болгож байгааг хэлсэн байна. Твиттерийн улс төрийн зар сурталчилгааг хориглох энэ шийдвэр дэлхийн бүх оронд хэрэгжих юм. 11-р сарын 12–ноос эхлэн твиттерт улс төрийн зар сурталчилгаа хориглогдох нь. Энэ талаарх нарийвчилсан мэдээллийг 11-р сарын 15-нд нийтлэх юм байна.
Твиттер компанийн энэ шийдвэрийг улс төрийн шинжээчид болон Америкийн улс төрчид янз бүрийн байр сууриас хүлээн авч байна. Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн компанит ажлын менежер Брэд Пэрскэл Трамп төдийгүй консервативчуудын амыг үдэх өөр нэгэн оролдлого гэжээ.
~Твиттер хуудас улс төрийн зар сурталчилгаанд хориг тавив~
Цагаан ордны тэргүүн Трампын жиргээ өдөрт 60 сая гаруй хүнд хүрдэг байна. 2016 оны Америкийн ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшиж байсан Хиллари Клинтон Твиттерийн хоригийг таатайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлж, Фэйсбүүк компани байр сууриа эргэн харах хэрэгтэй гэж зөвлөжээ.
Твиттер компанийн энэ шийдвэр Америкийн улс төрийн намуудын сонгуулийн компанит ажлын төсөвт ямар нөлөөг үзүүлж болох талаарх тооцооллыг Би Би Си гаргасан байна. 2020 оны сонгуулиар Америкийн улс төрчид нийт 6 тэрбум ам.долларыг зар сурталчилгаанд зарцуулах төлөвтэй байгаагийн ихэнх нь Телевизийн сурталчилгаанд зориулагдахаар байгаа юм.
Үүний 20 хувь л цахим сурталчилгаанд зарцуулагдана. Өөр нэгэн чухал баримт бол Твиттер фэйсбүүкээс харьцангуй цөөн хэрэглэгчтэй байгааг онцолжээ. Өнгөрсөн 2-р сарын байдлаар 120 сая гаруй хүн твиттерийг өдөр тутам хэрэглэж байсан бол Фэйсбүүкийн тогтмол хэрэглэгчдийн тоо 1.6 тэрбум гэсэн судалгаа өнгөрсөн 9-р сард гарч байжээ. Харин Фэйсбүүк компани улс төрийн зар сурталчилгааг хориглохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Тус компанийн тэргүүн Марк Цукерберг энэ шийдвэрийг хамгаалж хэлсэн үгэндээ, ардчилсан оронд хувийн компаниуд улс төрчид болон тэдэнтэй холбоотой мэдээллийг хянах нь тийм ч зөв зүйл биш гэж бодож байгаагаа илэрхийлжээ.