Тамхины утаа, тортогноос гадна үнэр нь байрны хана, шал, тааз болон зөөлөн буйдан, ноосон хувцас зэрэгт шингэж удаан хугацаагаар хадгалагддаг нь дам тамхидалтын үндсэн нөхцөл болдог байна.
Дээрх судалгаагаар тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгааг тогтоожээ. Ялангуяа жирэмсэн үед тамхи хэрэглэх, дам тамхидалтад өртөх нь ургийн гажиг үүсэх, зулбах, хүүхэд хэвийн хэмжээнээс бага жинтэй төрөх, төрсний дараа амьсгалын замын үрэвслээр өвдөх, дархлаа сулрах зэрэг сөрөг үр дагавар ихтэй байдаг аж.
Энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд төр, засгийн бодлогоор төрөл бүрийн ажил хийж байгаа нь сайшаалтай боловч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна.
Тухайлбал, Тамхины тухай хуульд сургууль соёл, олон нийтийн газраас 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглосон заалт оруулсан ч жижиг дэлгүүр, ТҮЦ-т тамхийг хууль бусаар худалдаалах, ширхэглэн зарах явдал тасрахгүй байгаа юм.
Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар тамхи татах цэгийг байгуулсан боловч байнгын ажиллагаагүйн улмаас зарим газарт агуулах сав бол хувирсан жишээ олон бий. Нөгөө талаар ажиллаж буй цөөн цэгт тамхичид олноор цугладаг нь тэднийг хоёр дахин илүү хордуулдаг учраас төдий л үр дүнтэй ажил болж чадсангүй.
~Тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгджээ!~
Тиймээс Япон зэрэг зарим орны туршлагаас суралцах, эдийн засгийн арга механизм хэрэглэх, ухуулан таниулж соён гэгээрүүлэх явдлыг түлхүү ашигламаар байгаа юм.
Тухайлбал, Японд тамхи татдаг ажилтныхаа цалин урамшууллаас хасч тооцдог нь ажлын цагийн ашиглалт, бүтээмжтэй холбоотой аж. Тухайн ажилтан ажлын цагаар 4-5 удаа тамхи татах нь бүтээмжид сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна.
Манай улсад “Тамхи Со” зэрэг энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг 4-5 компани үйл ажиллагаа явуулж, онцгой албан татвараар багагүй хөрөнгө төвлөрүүлдэг нь эдийн засагт хувь нэмэртэй боловч иргэдийн эрүүл мэндэд түүнээс дутахгүй хэмжээний хор хохирол учруулж байна.
Үүнээс гадна 30 гаруй орноос тамхи импортолдог.
Тиймээс тамхины импортын бүтээгдэхүүнд ногдох татварыг нэмэх, тамхины үнийг өсгөх нь хэрэглээг багасгах нэг арга байж ч болох юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хайрцаг тамхины татварыг жижиглэнгийн үнийн 70-аас доошгүй хувьтай тэнцүү болгох зөвлөмж өгсөн байдаг бол манай улсад 33.3 хувьтай адил байна.