Нийслэл хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд түүхч, судлаач, эрдэмтэн зохиолчдын хамт очиж хүндэтгэл үзүүллээ. Учир нь Сарьдагийн хийд бол Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байснаас гадна Улаанбаатар хотын буурал түүхийн шаргал хуудсын салшгүй нэгэн хэсэг болсон түүхийн үнэт өв болсон газар юм.
1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулснаар эдүгээгийн нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй. Тийнхүү Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Их, Бага Монголын уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд нийслэлийн шавыг анхлан тавьснаас хойш хоёр дахь нүүдлээ хийж, Хэнтийн нурууны Сарьдаг өндөр уулсын дунд буурь сэлгэн нутаглаж, улмаар Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд Төгсбаясгалант Номын их хүрээгээ тэнд байгуулсныг түүхч судлаачид малтлага судалгаагаар нотолжээ. Сарьдагийн хийдийн тууринаас Өндөр гэгээний бүтээсэн Язгуурын таван бурхнаас эхлээд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв байсныг гэрчлэх хосгүй олдворууд илэрснийг Сарьдагийн хийдийн малтлагыг санаачлагч, төслийн удирдагч, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун доктор танилцуулгынхаа эхэнд онцолсон.
XVII зуунд монголчууд тоосго, ваар, хадаас, төмөр утсыг өөрсдөө хийдэг байжээ
Нийслэл хот түүхэндээ 30 шахам удаа нүүдэл суудал хийж байсны дотор томоохон хот байгуулсан нь гагц энэ газар боловч харамсалтай нь 32 жилийн турш бүтээн байгуулсан Номын их хүрээ 2 жилийн дараа шатаагдсан аж. 300 гаруй жилийн өмнө аглаг тайгад шатаж устсанаас хойш хүний гар хүрээгүй энэхүү хийдийн туурийг малтан судлах ажилд зургаан жилийн өмнө Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид сэтгэл зүрхээрээ нэгдэн шамдаж орсон бөгөөд 2015 оноос нийслэлийн зүгээс хөрөнгө санхүүгээр дэмжиж иржээ.
~Сарьдагийн хийдийн тууринд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэв~
Төвд хийцээр байгуулсан хотын цагаан хэрмэн дээр суварга босгосон байдалтай ул мөр олдсон бөгөөд суваргыг шинжилж үзэхэд Эрдэнэзуу хийдийн цагаан суваргуудтай ижил төстэй байж. Өдгөө илэрсэн цогцолборт есөн барилга, гурван суварга, чулуун хэрэм байгаа нь тогтоогджээ. Есөн барилгын заримыг нь тусгайлан зассан өндөр чулуун довжоон дээр барьсан байна. Сүм бүр өндөр довжооноос үүд рүүгээ хоёр талаараа буусан шаттай, дундаа том цогчин дугантай, түүнийгээ тойрсон барилга байгууламж бүхий хот байсныг илтгэх олдворууд илэрчээ. Малтлага эхлүүлсэн Цогчин дуганы баруун хойд хэсэг нь тусгайлан зассан довжоон дээр байрлах бөгөөд 7 тасалгаатай байсан нь тогтоогдсон байна. XVII зуунд монголчууд шавар зуурч керамик урлал хийхийн зэрэгцээ тоосго, ваар, хадаас, төмөр утсыг өөрсдөө хийдэг байсан нь олон эд өлгийн зүйлс, олдвороор нотлогджээ.
“Цогчин дуганы гол шүтээн нь 7.4 метр өндөртэй бурхан байсан гэдгээс үзэхэд XVII зууны Евро Азийн бүс нутагт Монголын бурхан шашны урлал ямар түвшинд хөгжсөнийг илэрхийлнэ. Түүнчлэн сүм хийдийн төлөвлөлт, зохион байгуулалт, ус зайлуулах байгууламж, чулуун шал, барилгын дээврийг ваараар битүүлж, вааран дээрээ янз бүрийн чимэглэл хийсэн керамик урлалын олдворууд зэргээс харахад монголчуудын хот байгуулалтын хөгжил тогтолцоо ямар гайхамшигтай байсныг илтгэдэг. Эндээс олдсон Язгуурын бурхдын дээлийн хээг томруулдаг шилээр харахад алтарч гялалздаг юм. Энэ бол Өндөр гэгээн керамик урлалын ямар том төлөөлөл байсныг илэрхийлнэ. XVII зуунд ийм хэмжээний бүтээн байгуулалт хийсэн түүх Казахстанаас Солонгос хүртэлх энэ өргөн уудам бүс нутагт байхгүй гэдгийг түүхч, судлаачийн хувьд баттай хэлнэ” хэмээн С.Чулуун доктор хэллээ. Тиймээс цаашид нийслэлийн зүгээс илүүтэй анхаарал хандуулж, Улаанбаатар хотынхоо үүсэл хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой энэхүү дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх бүрэн боломжтой гэдгийг тэрбээр нийслэлийн удирдлагуудад уламжилсан юм.
Европт XV зуунд хэрэглэж байсан нарны цаг, Орост хэрэглэж байсан буу, Балба, Моголын эзэнт улсад хэрэглэж байсан худалдааны зоос, Мин улсад хэрэглэж байсан гангар шаазан гэх мэт олдворууд илэрсэн нь тэр үеийн Монгол Улсын нийслэл хот даян дэлхийтэй өргөн харилцаатай байсныг илтгэж буй.
Сарьдагийн хийдийн тууринд хүндэтгэл үзүүлэх үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн үүсэл хөгжлийн түүхийг хадгалсан энэхүү дурсгалт газарт нийслэлийн удирдлагууд анх удаагаа ирж хүндэтгэл үзүүллээ. Өндөр гэгээний уран бүтээлийн ордон буюу номын абшиг шингэсэн энэ л газарт нийслэл хот маань хөгжлийн оргил нэгэн үеэ өнгөрүүлсэн байна. Сарьдагийн хийдийн малтлага судалгааны үр дүнд 4000 орчим эд өлгийн зүйлс илрүүлсний дотор монголчууд тэр үед Европ, Азийн орнуудтай харилцаж байсныг гэрчлэх дурсгалууд хүртэл олдсон. Түүнчлэн XVII зуунд монголчууд 32 төрлийн монгол хадаас хийдэг, өөрсдөө шавар зуурч, керамик урлал хийдэг байснаас харахад өвөг дээдсийнхээ мутрын ур, мэлмийн ураар өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж явна. Хагийн хар нуураас 40-өөд км-т орших Сарьдагийн хийдийн түүхэн дурсгалт газрыг хойч үеийнхэнд сурталчлан таниулах, түүхийн аялал жуулчлалын маршрут гаргах зэргээр цаашид нийслэл хотын зүгээс илүү анхаарч, харж хамгаалах асуудлыг шийднэ. Нийслэлийн 380 жилийн ойг бид бүтээлч байдлаар тэмдэглэхийг зорьсон. Тэр дундаа соёлын өвөө хадгалах, хамгаалах, сурталчлан таниулах, сэргээн засварлах чиглэлээр томоохон ажлууд хийж байгаа” хэмээн онцоллоо.