Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Хүүхдийн эрх, аюулгүй байдал” сарын аяныг эхлүүлээд байгаа ба энэ хүрээнд Улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/235 дугаартай удирдамжийн дагуу боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг орон даяар хийж байна.
Тухайлбал, Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд, Сайншанд суманд үйл ажиллагаа эрхлэх хүүхдийн 22 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 9 сургууль, үдийн цайны үйлдвэрлэгч 10 аж ахуйн нэгжийг хамруулан хяналт хийжээ.
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон хүүхдийн байгууллагын эрхлэгч, багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт мөн үзлэг шалгалт хийсэн байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллага, цэцэрлэг, сургуулийн удирдлагууд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач, нян судлалын лабораторийн эмч, лаборант, рентгэн кабинетын эмч, техникч нарт холбогдох хууль, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлийг бууруулах, дотоод хяналтыг сайжруулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Мөн Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар аяны 2 дугаар шатанд 11 сургууль, 8 цэцэрлэгийн хоол, үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийн 32 нэр төрлийн 164 хүнсний бүтээгдэхүүн, 19 ундны уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ.