afhgan-girl

Афганистанд эргэлт авчирсан “харц”

Гучаад жилийн тэртээ алдарт “National Geographic” сэтгүүлийн гэрэл зурагчин Стив Маккури магадгүй бүх цаг үеийн хамгийн их бишрэгддэг фото зургийг өөрийн хальсанд буулгасан байдаг. Тэрээр 40 гаруй жил дэлхийн дайн байлдаантай бүс нутгуудаар амь өрсөн аялж, хүнд бэрх цаг үеүдийн бодит амьдралыг харуулсан зургууд дарсан нь үнэ цэнэтэй хэвээр байна.

1984 оны 12 сард Маккури Афганистан-Пакистаны хил дээрх Насир Багх нэртэй дүрвэгсдийн хуаранд явж байх үедээ нэгэн охиныг бусдаас онцгой болохыг анзаарчээ. Тухайн үед 12 настай байсан Паштун үндэстэй бүтэн өнчин Шарбат Гүла гэх охины зургийг дарахдаа Мккури хожим нь энэ зураг ямар их түүх өгүүлэхийг бодож яваагүй гэдэг.

Бяцхан охин үнэхээр хэцүү нөхцөлд амьдарч байснаас гадна түүний нүдний гэрэл цацарсан содон өнгө, бас харц үггүйгээр ч ойлгохоор маш ихийг өгүүлж байсан гэж дурдсан байдаг. “Афган Охин” гэж нэрлэгддэг зургийг анх өөрийн сэтгүүлийн редактортоо үзүүлэхэд редактор нь хоромхон ч эргэлзэлгүйгээр “Энэ бидний дараачийн дугаарын нүүрэн дээр тавигдах болно!” хэмээн хашгирч байсан гэдэг

Шарбат Гула охин өнөөдөр 44 гаруй настай бөгөөд удтал эрэн сурвалжилсны эцэст нөхөр, хоёр хүүхдийн хамт Пакистанд амьдарч байгааг хожим нь “National Geographic сэтгүүл нөхөн сурвалжилсан байдаг. Харин тэрээр хорвоо дээр ийм зураг үлдсэн гэж таагаа ч үгүй явсан байдаг. Учир нь түүнд амьдралдаа зургаа авахуулах, түүнийгээ харах хувь завшаан тун ч ховор, бараг үгүй гэж хэлж болохоор заяасан байв.

Афганистаны дайн

Дүрвэгсдийн хуаранд байхад нь авсан энэ зургийг хараад Афганистаны дайнд нэрвэгдэж зовж зүдэрч буй хүмүүст туслахаар тус сэтгүүлийн газарт олон хүн хандаж байсан гэдэг. Охины зовж зүдэрсэн боловч, харцнаас нь сэтгэлийн тэнхээ нэвт харагдах энэхүү зураг Афганистаны хойч үеийнхнийг зоригжуулахад, өөртөө итгэлтэй зориг төгс байхын үлгэр дууриал үзүүлсэн гэж судлаачид үзсэн байна. Дайны аюулыг ганцхан зургаар дэлхий нийтэд таниулж чадсаных нь төлөө Мккуриг Афганистаны хаа сайгүй таних болж “Тэр зурагнаас хойш Афганистаний таксины жолоочид хүртэл надаас мөнгө авахаа больсон” гэсэн байдаг.

Маккури цаашид зураг авсаар байх бодолтой байгаа бөгөөд Иран, Мадагаскар, Орос, Монгол зэрэг орнуудын байгалийн үзэсгэлэнт төрхийг мөн өвөрмөцөөр гэрэл зургийн хальсанд буулгаж олонд таниулах сонирхолтой байгаа аж.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих