Гэр бүлийн харилцааны тухайд уламжлалт соёл, зан заншлыг орчин үеийн нийгмийн чиг хандлагаас илүүтэй дээдлэн үздэг монголчууд эдүгээг хүртэл “Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм”, “Ах нь хэлж, дүү нь сонсдог” гэсэн зүйр үг хэлж сургадаг.
Хүүхдийн хүмүүжилд гол үүрэгтэй хүмүүс бол эмээ, өвөө нар билээ. Өнөөгийн нийгмийн хөгжлийн хурд, ажил төрлийн ачаалалд автсан залуу гэр бүлүүд эмээ, өвөө нарыг өмнөхөөс ч илүүтэйгээр чухалчлан үзэх хандлагатай болоод байна. Үр ачийнхаа хүмүүжил, залуу гэр бүлийн амьдрал дахь тэдний оролцоо, нөлөөлөл нь буурах биш, харин ч өгсөн дээшилсээр байна.
Сэтгэл зүйн утгаар бол тухайн үедээ өөрсдийн боломж нөхцөлөөсөө шалтгаалаад үр хүүхдэдээ бүрэн зориулж чадаагүй хайраа одоо үр ач нартаа зориулж байж болох ч тэтгэвэрт гарсны дараах амьдрал нь залуу ээж аав нараас илүү ачлал, халамжийг хүүхдэд өгөх цаг, бололцоотой байдгаараа тэд бодит давуу тал ихтэй.
Хүүхдийг хувцаслах, хооллох, салхинд гаргах, тоглуулах, цэцэрлэгт нь өгөх, авах, унтуулах, аяар нь байх зэрэгт хамгийн тохиромжтой, нийцэрхэг хүмүүс бол эмээ, өвөө нар билээ. Тэр тусмаа хүүхэд халуурч, бүлээрэх, өвчин ороох зэрэгт бол тэдний туршлага, хүч, оролцоо юугаар ч сольшгүй чухал.
~Хүүхдийн хүмүүжилд эмээ, өвөө нарын оролцоо~
Гэхдээ л ээж нь ээж, эмээ нь эмээ учраас зарим нэг зүйлд зөрчил үүсч болно.
Хөгшчүүл өөрийн хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхдээ гаргаж байсан алдаа, дутуу хийсэн зүйлээ одоо нөхөхийг хүсч байдгаас болж, ач зээгээ дураар нь тавих, дэндүү бөөцийлөх гэснээс болоод ээж, аавтай нь зөрчилддөг тал бий.
Залуу аав, ээжийн тавьдаг шаардлагаас эмээ, өвөөгийнх нэлээд ялгаатай байдаг нь хүүхдийг будлиулж, төөрөгдүүлдэг. Хүүхэд аль нь зөв, аль нь буруу болохыг ялгаж салгахад хэцүү болдог байна.
Нас ахисан хүмүүсийн гаргадаг зан байдал, тухайлбал, орчин цагийн нийгэмд төдийлөн тохироогүй заншил, буруу гэмээр зуршил хүүхдэд өвлөгдөн очиж магад. Түүнчлэн эмээ, өвөө нар хүүхдийн хүмүүжил, бие бялдрын хөгжилд ээнэгшсэн ээлтэй байдлаар харж өсгөдөг боловч, нийгэмшил, тархины хөгжлийг сааруулах тал дээр залуу ээж, аав нарыг гүйцэхгүй байж болох талтай юм.
Гэхдээ л үр хүүхдээ найдвартай асран хамгаалах орчинд байлгах, хүүхдээ ураг төрлөөс нь салгалгүй, ойр дотно өсгөн бойжуулах, уламжлалт ёс заншлаа өвлүүлэн үлдээх нь орхиж болохгүй сайн тал билээ.