mongol-nohoi-tejeeh-ulamjlal

Нохойгоо шинжиж, тэжээх Монгол уламжлалаас…

Нохой бол төрөхөөсөө сэргэлэн, хурц амьтан болохоор хүнд амархан дасаж, хүний итгэл найдварыг хүлээж чадсан амьтан. Монголчууд итгэл хүлээсэн, сайн нохойгоо аминаасаа илүү хайрлан хүндэтгэж ирсэн уламжлалтай. Монголчууд нохойг хайхрамжгүйгээр тэжээдэггүй. Морио шинжиж сонгодгийн нэгэн адил маш нарийн шилж сонгож байж тэжээдэг.

“Нохойг тэжээе гэвэл гөлөгнөөс нь” гэдэг тул эхээс гараад 1-3 долоо хоногийн доторх гөлөгийг сонгодог. Гэхдээ өвлийн ид хүйтэн, гунын эвэр хугармаар гурван есийн хүйтэнд гарсан гөлөгийг илүү сайн гэдэг. Гөлөгний чих буюу сүүлнээс нь барьж өндөрт өргөвөл гаслан гангинахгүй, зориг тэвчээртэй хотойж байвал сайн нохой болно гэж үздэг. Бас нэг эхээс гарсан олон гөлөгний хамгийн сүүлчийнхийг шилдэг. Хамгийн гол нь бие том, толгой бүдүүн, хүзүү бамбагар, сэрвээ өндөр байх нь чухал гэж үзнэ.

Ийнхүү тэжээх нохойг гөлөгнөөс нь эхлэн гадаад, дотоод, нууц гэсэн гурван шинжээр ангилан дотоод болон нууц шинж нь нүд, хамар дээр илэрдэг гэж үздэг.Сайн нохойн нүд нь хар, улаан, хөх, хүрэн өнгөтэй, сайн ажвал галтай, цогтой харагдана. Ийм нохойг хол гүйх, бартаа саадаас хаширдаггүй, зоригтой, хурц сэргэлэн байдаг. Хамрын нүх том байвал амьсгаа жигд, тамирдталаа гүйсэн ч амьсгаадахгүй, бас сайн үнэрч байдаг гэж үздэг. Анч болох нохой багавтар биетэй. Гүйхдээ хурдан шалмаг, үнэрч байвал үнэгэнд сайн гэх буюу завж уужим, цээж өргөн, толгой овгор бол чонод сайн гэдэг.

Анч нохойг их, бага ангийн гэж ангилан нохойн онцлогийг харгалзан үнэг, туулай мэтийн бага анд тохирох, гахай, чоно мэтийн их анд тохирох нохой гэж багаас нь дасгаж сургадаг. Гэхдээ гөлөг нохойн өсөлтийн явцад аль нь анч, аль нь хоточ, аль нь ямар мал дагаж хариулах, аль нь ямар анд тохирохыг багаас нь ажиглан сайтар дасгаж сургахыг эрхэмлэдэг заншилтай байлаа.Сайн сургасан хоточ нохой ямар ч манаач, харуулаас дутахгүй хот хороогоо өдөр шөнөгүй, бараг нүд цавчилгүй харж хамгаалдаг. Сүрэг хонь, малаа дагаж хариулаад ирдэг.

Дэргэдээ байгаа шөлийг эзний зөвшөөрөлгүй иддэггүй. Гэхдээ нохойг гөлөг байхаас нь дасгаж сургах, ойр зуурын хэл мэддэг болгоход ихээхэн анхаардаг уламжлал байлаа. Хав мэтийн жижиг биетэй нохой Монголд байсан ч ихэнхдээ том биетэй, үс сахлаг, голдуу хар халтар, шар, улаан зүсмийн нохойг эрхэмлэж ирсэн бөгөөд нохойдоо голцуу банхар, тайга, хойлог, бамбар, арслан гэх мэтийн нэр өгдгөөс гадна бие, зан төрхийнх нь онцлогоор чонотой, үнэгтэй, гөлөгтэй гэх мэтээр дууддаг. Хоточ нохой бүр анч, анч нохой бүр хоточ байдаггүй болохоор зарим айл хоёуланг нь тэжээх нь ч бий.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих