happy life

Баяр жаргалтай гэр бүлийн НУУЦ нь эрх чөлөөний АГААР…

Өөрийн гэсэн аз жаргалтай, өнөр бүлийг үүсгэн жаргалтай амьдралыг цоглоох нь хамгаас чухал байдаг.  Хүмүүс танилцаад, дурлаад, гэрлээд … дараа нь зарим нь бүх насаараа хамтдаа, аз жаргалтай амьдардаг бол олон гэр бүл таарч тохирохгүй, хэрүүл зодоон болон салж сарнидаг билээ. Зарим нэг нь салдаггүй боловч ямар ч аз жаргалгүйгээр өдөр хоногийг өнгөрүүлдэг.

Аз жаргалтай гэр бүлд эрх чөлөөний агаар ноёлодог

Аз жаргалтай гэр бүлд эрх чөлөөний агаар ноёлодог. Энд ямар нэгэн хатуу дүрэм, гэр бүлийн гишүүдэд зоогдсон хатуу үүрэг байдаггүй. Аз жаргалгүй гэр бүлд харьцаа байх тусам төдий чинээ олон хориг нэг нэгэндээ тавьсан байдаг. Чи ингэж болно, ингэж болохгүй, ингэх үүрэгтэй, энэ бас болохгүй, болохгүй, болохгүй…

хэрэв гэр бүлийн гишүүдийн харьцааны үндэс нь итгэл, дотно хөнгөн харьцаа, нэг нэгнийгээ байгаагаар нь хайрлах бол гэр аяндаа л аз жаргалтай байдаг юм байна. Ямар ч сэдвээр гэрийнхэнтэйгээ чөлөөтэй харьцаж чаддаг, хамгийн гол нь та гэртээ бушуухан харихыг боддог бол танай гэр бүл аз жаргалтай байгаа гэсэн үг.

Оройн хоолоо идэнгээ ярилцдаг байх

Аз жаргалтай гэр бүлийн гишүүд оройдоо нэг ширээнд /дугуй юмуу зуйван ширээ илүү сайн/ сууж оройн хоолоо идэнгээ ярилцдаг байна. Тэр өдөрт өөрт тохиолдсон сонин содонгоо ярих, элдэв асуудлаа хэлэлцэх, хошин юм ярих гэх мэтээр. Энэ үед зурагт заавал унтраалттай байх ёстой, тэгэхгүй бол анхаарал сарниад халуун дотно харьцаанд саадтай байдаг гэнэ. Чухал асуудлуудыг ч мөн оройн хоолны үеэр хэлэлцэж шийднэ.

Гэр бүлийн ямар нэгэн гишүүнд хэцүү асуудал тулгарсан бол бусдынх нь дэмжлэг түүнд маш их тус дэм болдог байна. Гэр бүл ер нь эмчилгээний жижигхэн групп юм гэдэг онол байдаг. Германы сэтгэл судлаач Берт Хеллингерийн хэлснээр, зүгээр ч нэг групп биш, маш их нөөц бололцоотой групп гэнэ шүү. Энерги болон сэтгэл зүйн нөөц нь шавхагдашгүй нандин сайхан групп.

~Баяр жаргалтай гэр бүлийн НУУЦ нь эрх чөлөөний АГААР…~

Аз жаргалтай гэр бүлийн бүх гишүүд өөр өөрийн ажил албатай

Аз жаргалтай гэр бүлийн бүх гишүүд өөр өөрийн ажил алба, өөрсдөд нь баяр баясгалан өгдөг сонирхол, хоббитой байдаг ажээ. Эхнэр нөхөр хоёулаа ямар нэг ашиг орлого авчирдаг ажил хийдэг. Эдийн засгийн статус болон орлогын хэмжээ нь энд чухал биш аж.

Аз жаргалын хэмжээ гэр бүлийн эдийн засгийн статусаа ер хамаардаггүй нь батлагдсан байна. Хамгийн гол юм нь хүмүүсийн хоорондын харьцаа, нэг нэгийнхээ сонирхолд хүндэтгэлтэй хандах, нэг нэгэнтэйгээ сэтгэл санаагаа хуваалцах хүсэлтэй байх зэрэг асуудал байдаг гэнэ.

Гэр бүлийн гишүүн бүрт ганцаараа байх газар байх ёстой

Гэр бүлийн гишүүн бүрт ганцаараа байх газар байх ёстой. Сайхан гэр бүлийн гишүүн бүрт, бүр жижигхэн хүүхдэд ч, өөрийн хувийн орон зай байдаг бөгөөд бусад нь түүн рүү нь өнгийдөггүй, тэр орон зайг нь маш их хүндэлдэг ажээ. Тус тусын өрөөгүй ч бай, хүн ганцаараа суугаад бодлоо бодох, юм унших бололцоо бүхий булан аз жаргалтай айлд заавал байдаг юм байна. Ялангуяа эрчүүд ганцаараа хэсэг хугацаанд байх их дуртай байдаг.

Дээр үед эрчүүд галын дөлийг ширтэн суух дуртай байсан бол орчин үеийн эрчүүд автомат угаалгын машиныг ажиллаж байхад нь ширтээд суух дуртай гэнэ. Дашрамд дурдахад телевизор “гөлрөх объект” болж чаддаггүй, учир нь мөнхийн зүйлсийн тухай бодоход логик сэтгэлгээг хариуцдаг тархины зүүн тал унтарсан байх ёстой юм байна.

 Эхнэр нөхөр хоёр хоёулаа хуримын бөгжөө байнга зүүдэг бол

Хэдэн мянган гэр бүлийг судлахад, эхнэр нөхөр хоёр хоёулаа хуримын бөгжөө байнга зүүдэг бол хүүхдээ сайн хүмүүжүүлдэг сайн эцэг эх байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Ийм эцэг эхийн хүүхэд хөгжил сайтай, эрүүл саруул, бие бялдартай, тэдэнтэй эвгүй зүйл тохиолдох нь хавьгүй бага байдаг байна.

Учир нь хуримын бөгжөө зүүдэггүй хүмүүс өөрийнхөө гэр бүлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг, тэгэхээр автоматаар хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарладаггүй, хүүхдэдээ бүрэн дүүрэн анхаарал хандуулдаггүй гэнэ. Хүүхэд энэ бүхнийг мэдэрдэг болохоор дүрсгүйтэх, зөрүүдлэх зэрэг зан гаргаж өшөөгөө авдаг байна. Үр дүнд нь хүүхэд сурлага муутай, ууртай, өвдөмтгий болдог ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих