shagain-naadgai

“Монгол лего” тоглоом буюу шагайн наадгай

Нүүдэлчин монгол түмний  сэтгэл зүйн онцлогт тохирсон, гадаадын ямар ч лего тоглоомоос илүү нь “Монгол лего” буюу шагайн наадгай юм. Шагайн дөрвөн талаар хонь, ямаа, морь, тэмээг төлөөлүүлдэг ба онх буувал үхэр буулаа хэмээн хэлцдэг. Ховор тохиолдолд босоогоор тогтох бөгөөд үүнийг онх хэмээн нэрлэнэ.

Шагайгаар наадахын ашиг тус:

  • Монголчуудын энэхүү уламжлалт тоглоом наадгай нь хүүхдийн хүмүүжил төлөвшилтөд эерэгээр нөлөөлөх хамгийн сайхан арга юм. Энэ ч утгаараа хонь малаа хотлуулаад, айл саахалтаараа хамтран тоглосоор иржээ.
  • Хүүхдийн мэдрэхүйг нэгэн зэрэг хөгжүүлж чадах тоглоом бол шагай. Шагайгаар тоглодог хүүхдийн мэдрэмж, тархины чадамж бүх талаараа хөгждөг. Хүүхдийн тархины хөгжил бага насанд нь эрчимтэй явагддаг. Сэтгэхүйн хувьд төсөөлөн бодох чадвар нэмэгдэж, ажигч гярхай болгодог байна. Анхаарал төвлөрөлт, шилжилт хурдан бас тогтвортой байдаг.
  • Хүүхдийг бага насанд нь аав ээжүүд хамтран тоглохоос гадна тоглоомыг барьж, харж, сонсож, ярилцаж байж хүүхэд олон талаараа хөгжиж төлөвшинө. Тиймээс аав ээжүүд хүүхэдтэйгээ хамтран тоглохоос гадна тоглох тоглоомыг нь зөв сонгоорой. Хамтран тоглосон хүүхдийн айдас түгшүүр намдаж тайван унтдаг. Унтаж байхад хүүхдийн ой тогтоолт сайжирч хийсвэрлэн сэтгэх чадвар хөгжих болно.
  • Хүүхэд сургуульд ороод бичиж сурна гэдэг асуудалтай тулгардаг. Харин шагай тоглодог хүүхдийн гарын жижиг булчин хөгжиж бичиж сурахад маш дөхөм байх болно.
  • Хамтран тоглох, ярилцах нь хүүхдийн үгийн баялаг нэмэгдэхэд тустай. Cэтгэл хөдлөлийн мэдрэмж нь хөгждөг. Шагайгаар тоглодог хүүхэд хожиж, хожигдохоос гадна хамтын харилцаанд суралцана. Бусдыг хүндлэх, хүлээцтэй байхад суралцдаг байна.
  • Тоглоомыг хүүхэд гараараа барьж, мэдэрч тоглох нь хүртэхүй хөгжиж, өнгө /шагайг өнгө өнгөөр будаж болдог/ ялгаж, тоо тоолж сурдаг. Мөн орон зайн баримжаа хөгжиж эв дүйтэй болохоос гадна аливаа зүйлийн том жижиг, өргөн нарийн, бүдүүн туранхай гэж дүгнэж, ялгаж сурна.
  • Шагайн наадгайн бас нэгэн том ач тус бол хүүхдийг дэг журамтай болоход нөлөөлдөг явдал юм.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих